За манайханы хамгийн их хэрэглэдэг үгсийн нэг бол Энерги. Хөгшид, залуус, хүүхэд багачуул эрэгтэй эмэгтэй, лам хар ялгахгүй бүгд маш их хэрэглэнэ. Эерэг сөрөг энерги, хар цагаан энерги, сайн муу энерги гэж ирээд асар өндөр түвшинд цэц булаалдана. Юун тэр дулааны, цахилгааны энерги, бидний бүх цахилгаан хэрэгсэл, машин тэрэг энергээр ажиллаж байгаа гэвэл зарим нь бүр итгэхгүй ч байж магадгүй. Энергийг физик судалдаг гэвэл зарим нь бараг гайхна. Дээд тэнгэр, лам нар л мэддэг, судалдаг гэж бодно. Тэгээд энерги гэдэг чинь яг юу юм бэ гэвэл за даа бараг хэн нь ч хэлж, тодорхойлж чадахгүй амаа ангалзуулна, эсвэл тэнгэрийн нэр барьж байгаад худлаа бурна. Тайлбарлаж тодорхойлох нь битгий хэл энерги гэдэг үгийнхээ монгол үгийг ч мэдэхгүй. Хэл зүй талаасаа ч хүртэл уламжлалт шашин, сэтгэлгээтэй нягт холбогдсон мөртлөө гадаад үг. Тун сонирхолтой байгаа биз? Хэн гэдэг эрдэмтэн хэзээ, яагаад “Эрчим хүч” гэж буулгасан юм бүү мэд. Ямартай ч дорвитой нутагшиж чадалгүй Энерги л гэж үлджээ.
Энерги бол физикт тайлбарлахад ч хамгийн хүнд ухагдахууны нэг л дээ. Учир нь нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй бүр төсөөлөгдөх ч үгүй хийсвэр ойлголт. Юун хар цагаан өнгө, эерөг сөрөг цэнэг. Тийм шинж чанар огт байхгүй. Харин тийм гэрэл, цэнэг, биет гэх мэт тээгчтэй байж болно. Гэтэл манайхан шиг бүр шашин, философи эсвэл псейдо ухаан болоод явчихаар худлаа үнэн таамаглахаас биш тайлбарлах аргагүй л дээ. За тиймээс физикт энерги гэж юуг хэлдгийг тайлбарлахыг оролдъё.
Энерги гэдэг нь (ἐν en)дотоод (ἔργον ergon)үйлдэл гэсэн утга бүхий хуучны грек үг. (яагаад шинжлэх ухааны ухагдахуунууд дандаа эртний грек эсвэл латин дээр байдгийг тусад нь дараа тайлбарлая.)
Энерги гэсэн ухагдахууныг 1852 онд шотландын физикч Виллиам Ранкин өнөөгийн утгаар нь физикт оруулж ирэх хүртэл өмнөх постод дурдсан хүчний төрөл бүрийн хэлбэрүүдээр ярьдаг байжээ. Өдгөө физик, хими, техник, биологи болоод эдийн засгийн салбарт гол дүрд тоглодог том ухагдахуун, амьдралын эх булаг бөгөөд баталгаа. Энерги бол та биднийг амьд байлгаж байгаа, машиныг хөдөлгөж, ургамалыг ургуулж, усыг урсгаж, таныг бодуулж буй чадвар. Улсын баян ядуу, найдвартай байдлыг ч үнэндээ алтаар биш энергийн нөөцөөр нь хэмждэг болоод уджээ.
Энерги үндсэн 4 төрөлтэй.
1. Механик (дотроо кинетик, потенциал гэсэн хэлбэртэй)
2. Дотоод (дотроо дулааны, химийн, цөмийн гэсэн хэлбэртэй)
3. Электрон
4. Цацралын
Энерги үүсэж бий болохгүй, устаж үгүй болохгүй зөвхөн дээрх хэлбэрүүд хооронд шилжиж хувирч байдгийг энерги хадгалагдах хууль гээд бид бүгдээрээ дунд сургуулиасаа мэддэг. Яг нарийндаа бол энерги хувирах ч үгүй, зөвхөн тээгчээ л сольж байдаг. Гэрэл, ургамал, амьтан, атом, молекул тэр бүү хэл өндөр ч тээгч байж болно. Жишээ нь нарнаас энерги цацралын хэлбэрээр ирэхдээ гэрлийг тээгч болгож байгаад өвс ногоон дээр тусаад химийн энерги болно, өөрөөр хэлбэл өнөө бидний мэдэх саахар үүсгэх буюу фотосинтезийн үйл явц болно. Тээгч нь ургамал боллоо гэсэн үг. Ургамалыг мал эсвэл хүн идээд дотоод энерги болгоно. Энергийн тээгч болсон хүн та дугуй унаад уул даваад харих хэрэгтэй болжээ гэж бодъё. Та хөдлөхгүйгээр уулан дээр гарч чадахгүй. Та дугуйгаа жийнэ. Таны хоолоороо олж авсан энерги хөдөлгөөнөөр зарцуулагдсаар уулын оройд очиход потенциал энерги болсон байна. Өөрөөр хэлбэл тээгч нь өндөр болсон гэсэн үг. Өндрөөс буухад та жийхгүй байсан ч доош уруудна, доошлох тусам хурдсана. Энэ нь нөгөө потенциал энерги үрэлтээр дулааны энерги болж байна гэсэн үг. Жилийн 4 улирал хавар эхэлж өвөл дуусдаг шиг манай ертөнцийн энергийн эхлэл нь одны цацрал төгсгөл нь дулаан байдаг. Өөрөөр хэлбэл чансаагаар нь тэгж ангилдаг бөгөөд хамгийн дээд чансаатай буюу ашиглалт ихтэй энерги нь нар, хамгийн чансаа багатай буюу ашиглалт багатай нь дулаан гэсэн үг.
Ямар ч тайван масстай биет энергитэй бөгөөд тэр нь Эйнштэйний харьцангуйн онолоор массыг с квадратаар үржүүлсэнтэй тэнцүү. (E=m*c^2)
Газар шороо, гал, ус, амьтан ургамал бүгд материуд бөгөөд их бага хэмжээгээр энерги ялгаруулна гэсэн үг. Үүнээс үндэслэн сүүлийн үед Аура гэх ойлголт нэлээд газар авсан бөгөөд янз бүрийн итгэхэд бэрх яриа тайлбар явдаг. Аура мэдээлэл дамжуулдаг эсэхийг шинжлэх ухаанаар баталсан зүйл би лав сонсож байгаагүй. Харин энэ л манайханы нөгөө хоорондоо яриад байгаа олон шинжийн энерги рүү оруулаад байх шиг байгаа юм.
Астрономи
What is color?
Арай ч дээ өнгийг мэдэхгүй хэн байх вэ гэж бодож байна уу? Тийм ээ, ердөө л гэрлийн хугарал эсвэл долгион шүү дээ гэж бодож байна уу? Тиймээ, таны зөв. Ердөө л гэрлийн долгион. Гэрлийн долгионы Read more…
0 Comments