Гарчигт дурдсан зүйлийг хамгийн чухал гэж үзсэнээсээ эхлээд жагсаая. Хаяа нэг хийсэн зүйлээ тодорхой тайлагнаж байхгүй бол юу хийгээд явааг маань сайн ойлгохгүй хүмүүс нилээд бий нь тодорхой.
Нутагшуулах гэдгийг зөвхөн монгол хэл рүү орчуулах гэж ойлгож болохгүй. Эх кодод зөндөө өөрчлөлт хийсэн. Нэмэлт модуль ч бичсэн билээ. Тиймээс орчуулга биш нутагшуулалт англиар Localization гэж яриад бичээд байгаа. Опенофисыг төлбөргүй болохоор ч тэр үү олон хүнд микрософт офисоос муу гэсэн бодол байдаг. Үгүй. Түүнээс илүү биш юм гэхэд дутаад байх зүйлгүй. Юугаараа? Бүх түгээмэл үйлдлийн системүүд дээр ажиллана. Микрософт офис форматтай ямар ч файлыг боловсруулах чадалтай гээд олон илүү тал бий. Манай монголчуудын хувьд дүрмийн алдаа шалгагч болон монгол бичгээр бичих боломжтой болгосон бүр ч давуу тал. Удахгүй зав гайгүй болоод ирэхээр monconv кодчлол хөрвүүлэгчээ Опенофис нэмэлтээр гарганаа.

1. Эх хэлээ хамгаалах. Эх хэл дээр маань дорвитой шинжлэх ухаан технологийн бүтээл алга, түүнээс болж эх хэл маань мөхөж байна гэж та бүхэн ярьдаггүй билүү?
Тэгвэл нэг ч гэсэн гэхдээ дэлхий дээрх хамгийн том нээлттэй эх бүхий програмын цогц монгол хэл дээр байж байг.
2. Тусгаар тогтнолоо мэдрэх гэж. Дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий програм хангамжийг Монголчууд эх хэл рүүгээ нутагшуулаад монголоор хэрэглэж байна гээд яригдаж л таараа. Mongolian/Монгол гэдэг үг тухайн програмын нилээн олон газар нэмэгдсэн байх шүү.
3. Замбараагаа алдсан монгол хэлний дүрмийн алдааг багасгах гэж. Монголд одоо микрософт Офистой хамт хэрэглэдэг олигтой! дүрмийн алдаа шалгагч байхгүй л байна. Опенофис дүрмийн алдаа шалгагчаа маш сайн гэж хэлж чадахгүй ч өнөөг хүртэл монголд гаргаагүй байгаа чанартай гаргана. Нээлттэй эх бүхий гаргах тул бүгдээрээ сайжруулаад явж болох байхаа. Дүрмийн хувьд Ц.Дамдинсүрэн Б.Осор нарын дүрмийг барина. Улсын Их Хурлаар албан ёсоор баталсан хамгийн сүүлийн дүрэм тул энэ л албан ёсных, хууль ёсных.
Манай хэлний их мэдэгчид өөр өөрийнхөөрөө дүрэмдэж ард түмнээр тоглож байна. Бидний үеийнхэн өөрсдийгөө хэзээч зөв бичиж байна гэж итгэж чадахаа больсон шүү дээ. Үүнийг зогсооё. Бүгдээрээ эх хэлнийхээ эзэд байя! Бид үг шинжлэлийн явцад хүндрэл гарвал дүрэмд бүрэн ороогүй ч юмуу тодорхой бус эсвэл байхгүй зүйлсийг хэлэлцээд сайжруулаад явж болно. Гэхдээ тэр тохиолдолд энэ дүрмээ сайжруулаад заавал улсын их хурал тогтоол гаргасан үед л дүрмийн алдаа шалгагчдаа оруулан тараадаг тийм боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
4. Өнөөг хүртэл монгол хүний бахархдаг зүйл Чингис хаанаас өөр юу билээ? Босоо монгол бичиг маань бус уу? Олон олон жил өнөөг хүртэл бид Глобал шийдэлд хүрч чадаагүй. Монголд хэвлэлийнхний “СУДАР”, өвөр монголд өөрсдийн програмаа хийгээд хэрэглэдэг ч үндсэн стандарт байхгүй. Бид Юникод стандартаа барина. Энэхүү стандартад монгол бичгээ оруулсан, бидний ажил үйлсэд үргэлж тусалж, сэтгэл санааны дэмжлэг өгч, энэ опенофисын орчуулгад хүртэл оролцсон М. Эрдэнэчимэг эгчдээ энэ ялдамд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!
Опенофис дээр монгол бичгээрээ бичих боломжтой болголоо. Таны хийсэн суурь бүтээл байгаагүйсэн бол чиглэлийг өөрчлөөд ч яаж монгол бичгээрээ бичихсэн билээ.
5. Хууль ёсоор байцгаая. Монголд хууль ёсоор нь Микрософтын бүтээгдэхүүнийг худалдан авч ашигладаг газар хуруу дарам байж ч магад үгүй ч байж магад. Монголын төрд л лав байхгүй. Томоохон гадаад эзэнтэй банкнуудаас өөр ч бараг л байхгүй байхаа даа. Бид чинь ялангуяа хувь хүмүүс тэдгээрийг худалдаж аваад байхаар баян гэж үү? Тэгвэл Опенофис төлбөргүй лицензтэй шүү дээ. Түүнийг хэрэглэе л дээ.
6. Албан ёсоор төлбөргүй лиценз бүхий цогц програм монгол хэл дээрээ хэрэглэж, иргэн бүрээсээ эхлэн улсын хөрөнгөө хамгаалъя. Микрософт монгол руу орох нь тодорхой л байсан л даа. Харин хэзээ гэдэг нь ? байсан. Ойрд харин яаравчлан орж байна гээд л манайхан хөөрцөглөж байсан. Хичнээн их монголын хөрөнгө тэр мангас руу урсах бол? Хичнээн компани шүүхэд очиж гарлага гарах бол? Албан ёсоор лицензээ худалдаж аваагүй бол монгол Опенофисыг гарангуут хэрэглээрэй. Энэ оны 7 сарын 31 шүү.
7. Монгол хэлтэй хүн хүн биш гэж үү? Үгүй ээ! Тиймээс гадаад хэл мэдэхгүй настан буурлуудаас авахуулаад сурч амжаагүй байгаа хүүхэд багачууддаа зориулсан юм. Унаган англи хэлтэй л биш бол та бас хэрэглээд үзээрэй. Дутуу юмуу ойлгохгүй зүйл байвал шууд http://mn.openoffice.org/about-issuezilla.html. Тухайн өдөр нь биш юм гэхэд тэр сард нь багтаагаад засчихна.
8. Нээлттэй эх бүхий програм хангамжийг монголдоо хөгжүүлье. Олон хэрэглэгчийг татаж том түлхэц болно гэдэгт итгэж байна.
9. Нээлттэй эх бүхий програмуудын орчуулгыг чанаржуулъя. Үүнд мөн том түлхэц өгнө гэж бодож байгаа. ОпенМН-ээс монгол хэл рүү орчуулж байсан бүх орчуулгаа Опенофисын нэр томьёонд байгаа үгсээр сэлбэж засварлах төлөвлөгөө бий. Мөн нэр томьёоны толийг нээлттэй байдлаар http://www.openmn.org хаягт тавьсан байгаа.
10. Хэн хүссэн хөгжүүлэгч, программист нь өөрийн хүссэнээр өөрчлөөд хэрэглэчихдэг офис програм хангамжтай болъёо гэж. Болох ч юу байхав байсан л даа. Монголчлоод нутагшуулаад нэвтрүүлээд ирэхээр гайгүй олон хөгжүүлэгчид татагдах байх гэж найдав.

Бусад шалтгааныг дурдвал цаг, зай их үрэх хэрэг болох тул ингээд зогсооё.
Үүнийг хийхийн тулд би бүтэн жил шөнийн 3,4 цагаас хойш унтаж, ууртай уургүй өглөөний 9 цагаас ажилдаа шогшиж, эхнэр хүүхдээ ч халамжаар дутаан явж дуусгав.
Тиймээс ямар ч гэсэн эцсийг нь үзэж байгаагийнх юуны өмнө надаас дутуугүй тэвчээр гаргасан хайртай хань болон охиндоо хамгийн ихээр талархаж байна.
Мөн хувиараа хийж байсан олон ажлаа хойш тавив. Намайг ойлгон сэтгэлийн дэм өгч байгаа (дарамтлахгүй байгаа ч гэж болох юм тээ 🙂 ) андууд нэр дурдвал Цэрэнбат, Тамир, … андуудаас хүлцэл өчье.
Мөн энэхүү үйлст хамтран зүтгэсэн олон нөхөддөө талархаад цааш улам ихийг бүтээхийг ерөөе. Ойр тойрныхон тань та бүхнийг ойлгож талархан хүлээн авах нь дамжиггүй.


2 Comments

Мөнхбаатар · 2008/06/25 at 15:21

Их олон шалтгаан байгааг нь гадарлаж байдаг ч бүрэн ойлголтгүй яваад л байж. Над шиг бүрэн ойлголтгүй явсан хүмүүс ч бас байгаа байх.

Бас таны хувьд энэ бүхнийг сэтгэлийн дуудлагаар хийнэ гэдэг бол гайхамшиг. Их үлгэр дууриал гэж бодож байна. Хувийн ажил төрлөө хойшлуулан байж, өөртэйгээ болоод гэр бүлийнхэнтэйгээ “сайдаж муудаж” орчуулгыг хийж явсаныг тань олон хүн санаж талархаж явна гэж бодож байна.

Хойшдын ажил болоод амьдралд тань сайн сайхныг хүсэж байна.

Мөн OpenOffice-ийн орчуулгын багийнханд ч гэсэн OpenOffice-ийн жирийн хэрэглэгчийн хувиар гүн талархал илэрхийлж байгааг маань хүлээн авна уу

Тамир · 2008/06/26 at 02:57

За энэ их ажлын ард гарч байгаа найздаа болон хамтран зүтгэгчидэд нь баяр хүргье.

Дээр дурдсан шалтгаануудаас 2 дээр нь зарим нэг зүйл өгүүлье.

Дүрмийн алдаа шалгадаг хэсэг бол үнэхээр сэтгэлд нийцэж байгаа зүйл. Манайд Спийкер групын хийсэн “Ангууч” гэж програм байдаг. (Жагаа, уучлаарай танай програмыг хэлээд байгаа шүү.)Түүнийг ажлын газартаа авч ашиглах гэтэл сэтгэлд төдийлөн нийцсэнгүй сүүлийн хэдэн жил ер нь энэ програмдаа өөрчлөлт, шинэчлэлт хийсэн юм болов уу? Манайхан нэг юм хийгээд л орхичихдог дутагдалтай талтай, хийсэн юмаа байнга хөгжүүлж, тордож байхгүй бол тэр их хөдөлмөр чинь алга боллоо шүү дээ. Тэгэхээр ОпенОфисийнхоо дүрмийн алдаа шалгагчийг ажилдаа нэвтрүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.

Дараагийн нэг зүйл нь мэдээллийн технологийн чиглэлийн үг хэллэгийг Англиас орчуулахдаа янз бүрээр орчуулж байна. Энэ нь нэгдсэн ойлголт, стандарт байхгүйгээс гадна чихэнд хоногшиж, нүдэнд дасаагүйгээс болж байгаа гэж ойлгож байгаа. Олон хүн Монгол хэл дээрээ ОпенОфисийг ашиглаад сурчихвал тодорхой хэмжээний үг хэллэгүүд дээр нэгдсэн ойлголттой болно гэсэн үг. Энэ нь тархай бутархай ард түмнийг нэгтгэхтэй агаар нэг гэж ойлгож болох юм.

Энэ том ажлын гол ачааллыг өөр дээрээ авч цаг нараа умартан, хатуухан хэлэхэд гэр бүлээ гаргуунд нь гарган байж хийсэн энэ их ажлын дараа танай гэр бүлийн бүх гишүүд асар их аз жаргалыг мэдэрч, чамаар маш их бахархах болно гэдгийг баттай хэлж чадах байна.
Анддаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж, гэр бүлд нь аз жаргал, баяр баясгаланг хүсье.

Хүндэтгэсэн,
Тамир

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *