Дараах бичлэг миний нооргийн хавтаснаас олдов. Хэзээ бичиж байгаад нийтлэхээ мартсан юм бүү мэд. Одоо хуучирсан биз устгачъя гэж бодсоноо нэг гүйлгэж харлаа. Тэгээд нөхөн сэргээгдэх (зөв ашиглабал дуусахгүй), олон жил олон хүн, амьтан тэжээх боломжтой байгаль, өвс ургамал бүхий үнэт хөрс нутгаа сэндийчэн устгаж, оронд нь нөхөн сэргээгдэх боломжгүй хэдэн халтар цаас болгож, болгохдоо ердөө 34%-аа ч авч чадахгүй дээрээ тулж байгаа хөөрхий монголоо бодоод нийтлэх дээр нь дарчихлаа. Гэхдээ байгалийн баялагтай холбоогүй шүү.

Түрүүн цахим өртөөний Сайнбаяр даргын имэйлийг авч дараах хаягт тавигдсан нийтлэлийг уншиж гэрийн даалгавараа биелүүллээ. 🙂 http://www.tsahimurtuu.mn/24tsag/2011/01/14/1936
За тэгээд бодогдсон зүйлээ бичмээр санагдав. Нам, бүлэг, хөдөлгөөн, байгууллага за тэгээд янз бүрийн хувь хүн бүгд л нэг өөр өөрийн тунхагтай байх юм даа. Байх ч ёстой биз. Тэгээд яагаад биелдэггүй юм бол доо гэж бодлоо. Миний гаргасан хариугаар тэд арай л хийсвэр тодорхойлоод байх шиг. Информатикийн нэр томьёогоор бол Abstract Class. Төр гэж юу юм, хувь хүн гэж хэн юм, ялгаж салгамаар. Түүхч, философичид нь мундаг мундаг хэл орооцолдоод утгыг нь ойлгох аргагүй урт юм хэлэх биз.
Миний бодлоор монгол улсыг сэргээн тогтооё л гэвэл хувь хүний хувьд хүн бүр ердөө дараах 3 маш хялбар зарчмыг л барихад болох мэт.
1. Хувь хүн бүр цагаа барих, ялангуяа ажил эхлэх биш ажил тарах цагаа манайхан анзаараад үзээсэй. Ядаж хичээе л дээ.
Яагаад гэвэл түүхэндээ энэ зүйл бол төрийг хүчирхэг барих эм байсан. Үе үеийн хүчирхэгжсэн улсуудыг харъя. Их монгол улсын үед Чингис хааны цэргүүд яаж цаг барьдаг байхдаа хүчирхэгжиж байснаас эхлээд ром, франц, герман, япон, өнөөгийн америк яаж цаг барьж байна? Монголд 1 сая хүн ажил хийдэг гэж бодоод тэдгээр хүмүүс бүгд 1 минутын өмнө 1 удаа ажлаасаа гарлаа гэж бодъё. (үнэндээ төрийн албаныхан ялангуяа 15 цагаас хойш ажилладаг юм уу? Их хурлын гишүүд нь хүртэл ажилдаа ирдэг юм уу?) Тэгэхэд 1000000 минутын ажил алдагдана. Энэ нь ажлын 8 цагаар бодоход 2083 өдрийн ажил монголын нийгмээс алдагдаж байнаа л гэсэн үг. Сонирхолтой байгаа биз?
2. Үр бүтээлтэй ажиллах Энэ нь хүн бүр чаддаг, чаддаг ажлаа л хийе. Чадахгүй юмаа хийх нэртэй цаг болон үр дүн алдуулахгүй, тэгээд л чадчих гээд хор хутгаад гүйхгүй л байя гэсэн үг. Дор бүрнээ үр бүтээлтэй цагаа бариад ажиллахад чадахгүй, бүтээхгүй зүйл үгүй мэт. Энд нөгөө дээд боловсролтой хүний цалин дунд боловсролтой хүнийхээс илүү байх биш, ажлаа 10 хуруу шигээ мэддэг чаддаг хүний цалин чадахгүй байгаа хүнийхээс хэд дахин илүү байдаг болгомоор байна. Өөрөөр хэлбэл алтан гартай засварчин, механикч, бүртийх тоос үлдээдэггүй цэвэрлэгч, тооцоо алддгүй нярав, толгой өвддгүй эдийн засагч, орсон хэргийнхээ араас хоосон гарч ирдэггүй мөрдөгч бүгд тун зөрүү багатай цалинтай баймаар байна.
3. Мухар сүсгээ хаях. Энэ нь шашин шүтэхгүй бай гэсэн үг биш шүү. Шарын шашин шүтдэг бол бурханаа шүт, төвд хэлээ сур. Харин ном уншуулах, улаан утас, будаа, хар цайны хойноос битгий гүйлд л дээ. Далай лам монголчуудад хандаж өөрөө тэгж 2 удаа айлдаж байсан удаатай шүү дээ. Христ шүтдэг бол их эзэн минь ирээд миний хүслийг биелүүлнэ гэж бүү хар. Өөрөө зүтгэ, өөртөө болон ядууст тусал. Түүнээс сахалтай бавгар хүн тэнгэрээс бууж ирээд таньд туслахгүй.
Төрийн хувьд бодлогын чанартай дараах хэдэн асуудал байна.
1. Татварын хяналтыг сайжруулах. Нэмэх бус, гүйцэтгэл болон хяналтыг төгс болтол сайжруулах. Төр иргэнээс 1 төгрөг 1 мөнгө илүү ч дутуу ч авч болохгүй.
Ер нь тэгээд миний бодлоор 5 ямаатай айл татварт 2 ямаагаа сэтгэл харамгүй төлдөг болох тийм сэтгэлгээнд очиход монгол улс дэлхийн хамгийн хүчирхэг улс болно гэдэгт бүрэн итгэж байна. Харин тэр хүн тэгж чаддаг болохын тулд яах вэ? 5 ямаанаас 2-г нь өгөөд 3 ямаатай амьдарч чадах уу? Төр монгол улсын тусын тулд татвараа зарцуулж чадахгүй байсаар байвал иргэн хүн татвараа харамгүй төлж чадах уу??? Гарц мэдээж бий. Дараагийн 2 зарчим хариулна.
2. Төр татсан татвараа ард түмэнд буцааж зөв цацдаг болох ёстой. Одоогийнх шиг их хурлын гишүүд нь нэг нэг сая доллар өөртөө төсөвлөөд л тэрийгээ тойрогтоо зарж байна гээд л эмнэлэг сургуульд машин унаа авч өгсөн гээд л, сагсны талбай байгуулсан гээд л, иргэдэд эх орны хишиг гэж 21 000 төгрөг тараагаад л үрэн таран хийж суусаар байх уу? Энэ зөв үү? Уг нь бол 1 дэх зарчмын гарах арга зам энд оршиж байгаа юм. 5 ямаатай айл татварт малаа үнэнчээр тоолуулаад 2 ямаагаа харамгүй татварт төлдөг бол тэдний малын тоо толгойг 12 хүртэл нь 3 ямаа буцааж олгох ч гэдэг юм уу тийм зохицуулалт байх ёстой.
3. Авилгалын байж болох хамгийн бага хэмжээнд аваачих. Мэдээж бүрэн устгаж чадахгүй. Аль болох тунгалаг байж чадна төр нь бат, улс нь хүчирхэг оршихын баталгаа.
4. Чөлөөт эдийн засаг гэсэн тэнэг зарчмаас нэн даруй татгалзаж зохицуулгат эдийн засаг руу шилжих. Үүгээр тэр нийгэмд үр бүтээлтэй ажил хийхгүй мөртлөө, цаг наргүй ажиллаж монголын гол хөрөнгө буюу мах, гурил, хүнсийг үйлдвэрлэж буй малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тариаланчид эсвэл татвараа төлөөд ажиллаж буй иргэдийн хөлс хүчийг сорж байгаа ченж гэсэн давхаргыг зайлуулах юм. Тэд татвараа төлөөд логистик байгууллага болоод үйл ажиллагаагаа явуулах ёстой бус уу? Төсвийн байгууллагынхны цалин 5000-р нэмэгдэх сургаар дамын наймаачид, бинзен импортлогчидын нэгж үнээ 100 төгрөгөөр (үнэн хэрэгтээ 500-5000 байгаа) нэмээд байхаар хэнд ашигтай вэ? Энэ бол төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад болж буй гол чөдөр тушаа. Одоогийн байгаа байдлаас харахад нэг бол манай түшээдийн билгийн мэлмий нь хаагдаад хэдэн наймаачдын тоглоом зугаа болж буй эсвэл тэд өөрсдөө томоохон импортлогчид, наймаачдын ард суучихаад төсвийн ажилчдын цалинг нэмэх нэрээр өөрсдөдөө асар их ашиг унагаж байгаа соронзонгууд л гэж харагдаж байна.


2 Comments

uranbold · 2013/03/05 at 10:10

Blog-too postnuud deeree like oruulchihaarai 🙂

Taalagdsan zarim post deeree like dardag reflex surchij.

Sodstar · 2013/12/06 at 06:54

Mash ih taalagdlaa. 🙂

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *