“Болор” алдаа шалгуур гараад нэгэн жилийн нүүрийг үзжээ. Энэхүү програмыг хэрэглэж үзээгүй байж муучлах, итгэхгүй байх явдал мэр сэр гарсаар байгааг хараад тэсэлгүй энэхүү нийтлэлийг бичлээ.
Кирил бичгийн дүрэм нь тогтворгүй, олон жил хэл шинжлэлийн эрдэмтдийн шүүмжийг дагуулсан, ард олны толгойг эргүүлсэн, програмчлахыг оролдсон олон арван програмистуудын махыг идэж шийдэгдэхгүй олон жил болсонтой маргахгүй ээ. Аргаа бараад засаг төр нь өнгөрсөн жил бичгийн дүрмээ шинэчлэх гэж хүртэл оролдоод бүтэлгүйтлээ. Уг нь өөрчилсөн бол зөв байсан ч үүнийг ард түмэн хүлээж авах цаг нь болоогүйг харууллаа. “Үхэл нь ирсэн оготно муурын сахлаар оролдоно, үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно” гэж зүгээр ч нэг хоосон хэлц биш гэдгийг бид мэдэрсэн. Гэхдээ бууж өгөөгүй, харин ч кирил бичгийн зөв бичих дүрмийн асуудлыг яг одоо бичиж байгаагаар нь програмчилж чадсан. Болор алдаа шалгуурыг миний олон жилийн өмнө нээлттэй эхийн ертөнцөд оруулж байсан, одоо ч өргөн хэрэглэгдэж байгаа aspell, hunspell-н монгол хэлний багцуудтай харьцуулах арга үгүй. Учир нь нэгдүгээрт aspell ба hunspell нь хэдий мундаг ч монгол хэл шиг залгамал хэлнүүдэд тохиромжгүй, хоёрдугаарт монгол хэлний толийнх нь үгийн сангийн хэмжээ нь ердөө 2,1 сая орчим болж байсан юм. Харин Болор алдаа шалгуур бол монгол хэлэнд зориулагдан бүх эх код нь 100% Болорсофтын залуусаар бичигдсэн бөгөөд монгол хэлний бүх үгийн хөмрөгийг хамрах боломжтойгоор зохиогдсон юм. Одоогоор 50 орчим сая үүсмэл үгийн сантай байна. Цаашид жинхэнэ нэр, оноосон нэр, монголжиж буй гадаад үгсийг оруулахаар зэхэж байна.
Бид монгол хэлийг үг зүйн төвшинд нь барих гэж үнэндээ багагүй хугацаанд зүтгэсэн. Үгийн хувирлыг шийдэхдээ монгол хэлнийхээ хувьд төгсгөлөг төлөвт трансдусерыг зохиож түүнийгээ 4 – 5 янзаар програмчлан оновчилж байж бүтээсэн юм. Онолын хувьд сууриар нь шийдсэн тул үүнд хэл бичгийн дүрэм, үсэг бичиг өөрчлөгдөх зэрэг нь асуудал болохгүй. Болорсофт судалгаагаа үсгээс буюу монгол бичгийн үсгийн фонт зохиож эхэлж байсан бол өнөөдөр морфологийн буюу үг зүйн судалгаагаа хийж дуусгаад байна. Кирил бичгийн асуудлыг үндсээр нь шийдэхийн тулд зайлшгүй монгол бичгээ судалж түүнийгээ ноён нуруу болгож барьдаг болохыг бид олж мэдсэн бөгөөд энэ нь бидний судалгаанд том түлхэц өглөө.
Цаашид өгүүлбэр зүй, утга, найруулга зүй гээд олон олон судалгаа шилээ дараад хүлээж байна.
Энэхүү бүтээгдэхүүнд онолын төвшинд хийсэн суурь судалгааны үр дүнгээ ашигласан тул яахын аргагүй өндөр технологийн инновацийн бүтээл болсон гэж ам бардам хэлнэ.
Зарим нэг санд байхгүй үг танигдахгүй улаанаар зурагдах асуудал байгаа ч дор дороо засагдан дараа дараагийн хувилбарууд нь шинэчлэгдээд гарч байгааг хэрэглэж байгаа үйлчлүүлэгчид маань батлах байхаа. Нэг жилийн хугацаанд бид 5 шинэчлэл гаргасан байгаа ба удахгүй оноос өмнө дахин нэг шинэчлэл хийхээр төлөвлөж байна.
Ямар нэг арилжааны бүтээгдэхүүн гаргана гэдэг нь амаргүй асуудал болохыг бид биеэрээ үзлээ. Үндсэн асуудлаа шийдэж програмчилсны дараа тус бүтээгдэхүүн интернет ашиглан өөрөө өөрийгөө автоматаар шинэчлэх, лиценз үүсгэж хууль бусаар хуулбарлах үйлдлээс хамгаалах, олон арван орчинд туршиж үзэх зэргээс эхлээд бүтээгдэхүүний эх кодын олон арван салаа модыг арчлан авч явах нь тийм ч хялбар асуудал биш юм.
Эцэст нь нуршихад Болор алдаа шалгуур нь монгол улсад хүчинтэй дүрмийг барьж бүтээгдсэн бөгөөд өнөө цагийн монгол хэлний хэл шинжлэлийн томоохон төлөөлөл болсон хүмүүс болох Ш.Чоймаа, Ж.Баянсан, Э.Равдан, Ц.Өнөрбаян, Б.Жадамба, М.Баярсайхан, М.Саруул-Эрдэнэ зөв болохыг нь батлан сайшааж, алдаа оноог нь ч шүүмжлэн тунгаасныг дуулгахад таатай байна.
Болорсофтын бүх залуустаа амжилт хүсэж, урам өгье. Болорсофтын хийсэн болон хийж байгаа бүтээлүүдийг Google, Microsoft, Apple, SAP, Oracle-н аль нь ч хийж чадахгүй.
Categories: Монгол хэл
8 Comments
Jagdag · 2014/12/04 at 03:08
Болор шалгуур сайн, олон жил open document дээр хэрэглэж байгаа хvний хувьд магтахаас еер vг байхгvй
Бум-Эрдэнэ · 2014/12/05 at 02:20
Энэ программыг ашигламаар байна. Хаашаа, хэнд, яаж хандвал болох вэ? Миний и-мэйл хаяг руу хариу өгч тус болооч.
badaa · 2014/12/05 at 02:24
Ер нь бол http://spell.bolorsoft.com/ хаягт бүх мэдээлэл нь бий. Утас: 77111140
badaa · 2014/12/05 at 02:29
Таны имэйл хаягаар мэдээллийг илгээсэн болно.
Odbayar · 2015/01/04 at 03:21
Ene khunii khelnii surgaltiin argiig sudalj baigaad programmchilaad ogvol mash ikh ireeduitei sanaa bakh shig bna.
https://www.facebook.com/boldbaatar.dorjsuren.75/posts/10204233569813854
Lkhagvadelger · 2015/09/14 at 08:06
Tiim hench hiij chadahgui Bolor soft l hiij chadna
arail · 2016/01/26 at 10:08
arai l mulguu uguulber tugsguld ni bichsen bhiin haha. Hunii hiisen ymiig hen ch hiij chadna shude.
badaa · 2016/01/26 at 10:13
Тийм бол хийчихээрэй.